Civ6 тоглоомд Монгол гүрэн нэмэгдэв

Firaxis студи Civilization VI нүүдлийн стратеги төрлийн тоглоомынхоо шинэ өргөтгөл Rise and Fall дотор Монголын эзэнт гүрэн багтсаныг албан ёсоор зарлалаа.

Монгол улсын лидер Чингис хаан байх бөгөөд, түүний онцгой чадварыг ашигласнаар монголын морьт цэргүүд бусад улсын цэргүүдийг олзолж авах боломжтой болох аж. Мөн монголчуудын тусгай барилга Орд байх бөгөөд, энэ нь энгийн морин жүчээг орлох гэнэ. Ордтой хотод үйлдвэрлэсэн морин цэргүүд илүү олон нүүдлийг туулах боломжтой болно.

Харин Монголын онцгой цэргийн нэгж нь уламжлал ёсоор Keshik (Хишигтэн) байх болно. Хишигтэн нь хурдтай, харваач морьтонгууд ба энэ нь тулаанд том давуу тал болох юм.

Монголчуудын бас нэгэн давуу тал нь Өртөө юм. Энэхүү худалдааны замыг байгуулснаар орлого ихээр олохоос гадна, хөрш улсуудтай дипломат харилцаа тогтоох, цаашилвал тус улсуудын давуу болон сул талыг тагнаж мэдэх боломжтой.

Энэ бүхнээс нэгтгээд харвал Монгол улс тоглоомын эхэн болон дунд үед маш хүчирхэг өрсөлдөгч байх нь ойлгомжтой. Монголчуудыг багтаасан Rise and Fall нэмэлт ирэх 2-р сарын 8-нд худалдаанд гарна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн